Танилцуулга
Монгол Улс боомтын хөгжлийн олон улсын чиг хандлага, загварыг өөрийн онцлогтой уялдуулан авч хэрэглэх, боомтын үйл ажиллагааг шинэ түвшинд аваачих, хөгжлийн хоцрогдлыг арилгах, зах зээл дэх төрийн оролцоог бууруулж, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулан, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, олон тулгуурт, хүртээмжтэй, экспортын баримжаатай эдийн засгийг бэхжүүлэх нь зүйтэй байгаа гэж үзэн Монгол Улсын Засгийн газар “Боомтын хөгжлийн корпорац” ТӨХХК-г 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 71 дүгээр тогтоолooр байгуулсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 262 дугаар тогтоолоор Улсын хилийн зурвас газарт хилийн боомтын дэд бүтэц, үндсэн барилга байгууламжийг өргөтгөх, шинэчлэх зориулалтаар нийт 14 боомтын 35365.2 га талбай газрыг “Боомтын хөгжлийн корпорац” ТӨХХК-д ашиглуулахаар эрх олгосон билээ.
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж, хувийн хэвшилтэй хамтран боомтын хөгжлийг дараагийн шатанд гаргах боомтын шинэлэг менежментийг хэрэгжүүлэхээр төлөвлөн боомтыг эдэлбэр газартай, эдийн засгийн үр өгөөжтэй байлгаж, боомт нь орчин үеийн дэвшилтэт технологи бүхий терминал, агуулах, авто зам, төмөр зам болон агаарын тээврийн цогцолбор болон хөгжиж, олон төрлийн үйлдвэрлэл үйлчилгээ тэдгээрийг дагасан хот суурин, аж үйлдвэрийн парк үүсэх, хөгжих нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.
“Боомтын хөгжлийн корпорац” ТӨХХК-ны гол зорилго нь боомтын хөгжлийн төлөвлөлтийг хийж, тусгай хэрэгцээний газрын менежментийг хэрэгжүүлэх, боомтод төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжид газар ашиглуулах, барилга байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, ашиглалтыг хариуцах, боомтын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хилийн бүсэд ажиллах төрийн албан хаагчдыг ажиллаж, амьдрах таатай нөхцөлөөр хангах, иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай, найдвартай байлгах, тээвэр логистикийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна.